Б.Намдаа:“Эрүүл мэндийн гурил” бол сахартай хүнд зориулан гаргасан цорын ганц гурил

“Улаанбаатар гурил” ХХК энэ онд эрүүл мэндийн гурил шинээр гаргасан билээ. Тэгвэл энэхүү бүтээгдэхүүний талаар “Улаанбаатар гурил” ХХК-ий Үйлдвэр удирдлагын хэлтсийн дарга Б.Намдаагаас тодрууллаа.

-Эрүүл мэндийн гурил гэж юу вэ? онцлог давуу тал?

-Эрүүл мэндийн гурил гэдэг нь биологийн идэвхт бодис их хэмжээгээр агуулдаг улаан буудайн бүхэл үрийг тээрэмдэн баяжуулж  бор гурил буюу 2-р гурилтай  хольж  үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн болно.  Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ, чихрийн шижин өвчний үед болон  урьдчилан  сэргийлэх зорилгоор  хэрэглэнэ. Цөсний сувгийг цэвэрлэх үйл ажиллагаанд  дэмтэй ба  бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмждэг. Хэт таргалалтаас  урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.  Мөн цусны эргэлтийг сайжруулж бодисын  солилцоог идэвхжүүлдэг.

-Өдөр тутамдаа хүнсэнд хэрэглэж болох уу?

-Энэхүү бүтээгдэхүүн нь цээж  хорсгохгүй бөгөөд эмчилгээ, сувиллын зориулалтаар болон эрүүл  хооллолтыг эрхэмлэдэг бүх насны хүмүүсийн  өдөр тутмын  хүнсний  хэрэгцээнд зориулж болох байгаа.

-Бор гурил, бүхэл үрийн гурил гэх мэт бусад гурилаас юугаараа ялгаатай вэ?

-Бор гурил нь дангаараа идэж хэрэглэхэд хүчил өндөртэй тул цээж гашуу оргидог. Тэгвэл эрүүл мэндийн гурил нь цээж хорсгохгүй. Бүхэл үрийн  гурил нь бүхэл ихтэй том ширхэгтэй  учир өдөр тутмын хоол хүнсэнд  хэрэглэхэд  ширхэгтэй талханд хэрэглэж болно. Бүхэл үрийн бусад үйлдвэрүүдийн гурил  цагаан 1-р гурилыг хамт жорлосон байдаг. 

-Тухайн бүтээгдэхүүнээр хоолноос бусад юу юу хийж болох вэ?

-Эрүүл мэндийн гурилын  давуу тал нь бүхэл үрийг тээрэмдэн нунтаг  болгон дангаар нь цуйван, гурилтай шөл, талх, кекс, боов боорцог гэх мэт бүх төрөлд  дангаар нь буюу өөр гурилтай хольж хэрэглэж болно.

-Ямар шат дамжлага давж бүтээгдэхүүн маань бэлэн болдог вэ?

-Буудайгаа цэвэрлэж  угаана. Дараа нь чийглэж хэвтүүлэн тээрэмдэнэ. Тээрэмдсэнийхээ  дараа  шигшиж  дугаарлан  хянаж Эрүүл мэндийн гурил бэлэн болдог байгаа.

-Тухайн эрүүл мэндийн гурилд цавуулаг хэр байдаг вэ?

-Ширхэгтэй  хүнсний хивэг буюу буудайн хальс орсон учир энгийн цагаан гурилыг бодвол цавуулаг маш бага байна. Тиймээс л эрүүл мэндийн бүтээгдэхүүн гээд байгаа юм.

-Манайхан сүүлийн үед гурилан бүтээгдэхүүн болоод цавуулаг өндөртэй гурилаас татгалзах болсон. Энэ бүтээгдэхүүнээр өдөр тутамдаа гурилан бүтээгдэхүүн болоод хоол хүнсэндээ ашиглахад таргалахгүй гэсэн үг үү?

-Цагаан гурил буюу дээд , 1-р гурил идэхэд таргалалт нэмэгдэнэ. Эрүүл мэндийн гурил нь тээрэмдэн няцалсан буудайтай хар гурил жорлон үйлдвэрлэж байгаа болохоор таргалуулахгүй. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах давуу талтай. Түүнчлэн сахарын өвчтэй хүн буюу сахраас урьдчилан сэргийлдэг хүний  өдөр тутмын  хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн цорын ганц  гурил юм.