Үрийн улаанбуудай тойрсон маргаантай асуудлыг шийдлээ

Сүүлийн өдрүүдэд газар тариалангийн салбар тэр дундаа үрийн улаанбуудайн нөөц, чанарыг тойрсон олон асуудлууд хөндөгдөх болсон. Тариаланчид өнгөрсөн намар ургац алдсанаас болж энэ хавар тарих үрийн улаанбуудайг хангалттай нөөцөлж чадаагүй. Иймээс Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас 8000 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж ирэх эрхийг “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгжид олгожээ. Үүнээс “Нямбайгаль Даваа” компанийн оруулж ирсэн үрийн улаанбуудайг чанартай, чанаргүй гэх Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчдын зөрүүтэй дүгнэлт гарснаар уг маргаантай асуудал эхэлсэн аж.

Хуулийн дагуу Дархан-Уул аймгийн МХГ-аас нийт 29 вагонд ачигдсан буудайны 21 вагонаас нь дээжийг дөрвөн ч удаа авч, МХЕГ-ын төв лабораторид шинжлэхэд “Алтайская жница” сортын үрийн буудай нь хог хаягдал багатай, цавуулаг ихтэй, чанартай гэсэн дүгнэлт гарчээ.

Хэдий удаа дараагийн шинжилгээний дүн чанартай үр байна гэсэн дүгнэлт гарсан ч, Цагдаагийн байгууллагаас дахин шинжилгээ авна гэж дээж авч явснаар үр олгох ажил удааширч эхэлсэн юм.

Тэгвэл уг асуудлыг тойрсон маргаан өнөөдөр эцэслэн шийдвэрлэгдлээ. ОХУ-аас оруулж ирсэн үрийн улаануудайд хийсэн МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр импортын үр нь MNS0487-2001 стандартын чанарыг бүрэн хангасан чанартай үр гэсэн дүн гарчээ.

Үрийн улаанбуудайн Цэвэршилтийн хувь нь стандартын дагуу 97 хувиас доошгүй байхаас 97,1 хувь, Соёололтын хувь хэмжээ 90 хувиас доошгүй байхаас 94 хувь, Чийгийн хэмжээ 15 хувиас дээшгүй байхаас 13,6 хувь байна гэсэн үрийн шинжилгээний эцсийн дүн гарчээ. Ийнхүү үрийн улаанбуудайг стандартын шаардлага хангасан гэх улсын хэмжээний хүнсний аюулгүй байдлыг хариуцан, шинжилгээ хийдэг гол лабораториуд дүгнэлтээ гаргаснаар энэхүү маргаантай асуудал шийдэгдлээ.