ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ШИМТ ЧАНАР-2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛТАЙ “УЛААНБААТАР ГУРИЛ” ХХК ХАМТРАН АЖИЛЛАА

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоотой хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн бага хурал Хүнсний аж үйлдвэрийн 90 жилийн ойн хүрээнд “Хүнсний аюулгүй байдал, шимт чанар-2020” сэдвийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын их танхимд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08.30-17.30 цагт болж өндөрлөлөө.

Бага хуралд Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Технологийн дээд сургууль, Техник, технологийн дээд сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн оюутан, судлаачид, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжээч, судлаач нар бүтээлээ ирүүлж оролцлоо. Бага хурлын үйл ажиллагаа өргөжин хөгжиж Унгар Улсын Истван их сургууль болон Өвөр Монголын Тариалангийн их сургуулийн судлаачид бүтээлээ ирүүлснийг онцлон тэмдэглэж байна. Ирүүлсэн нийт 40 илтгэлийг яамнаас зохион байгуулсан шалгаруулах ажлын хэсэг хянан үзэж, бага хуралд оюутны 8, судлаачийн 12 илтгэлийг тус тус хэлэлцүүлсэн. Унгар Улсын Истван их сургуулийн судлаач бага хуралд онлайнаар илтгэлээ хэлэлцүүллээ.

Бага хурлын шагналтнууд:

 

Судлаач:

Тэргүүн байр: “Сүүний үйлдвэрийн хаягдал шар сүүг дахин боловсруулж шим тэжээлийн болон эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж” сэдэвт илтгэлээр Монгол Улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Б.Туяагэрэл

 

Дэд байр: “Бета-каротин нийлэгжүүлэгч бичил замгийн өсгөвөр сонгосон судалгааны дүн” сэдэвт илтгэлээр Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан Б.Одгэрэл

 

Тусгай байр: “Хүн амын шим тэжээлийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг

 

Оюутан:

Тэргүүн байр: “Малын дэлүүнээс протеолитик энзим фракцлах” сэдэвт илтгэлээр Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Х.Мөнхгэрэл

 

Дэд байр: “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, асуудал, шийдэл” сэдэвт илтгэлээр Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн оюутан Б.Уянга

 

Тусгай байр: “Улаан гоёоны (Songoria cynomorium)-ны биологийн идэвхид суурилсан функциональ хүнс гарган авах судалгаа” сэдэвт илтгэлээр Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Б.Бадамгарав

 

Бага хурлын хүндэт илтгэгч, судлаачийн болон оюутны тэргүүн байранд шалгарсан оролцогчдын шагналыг Дэлхийн хүнсний өдрийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл гардуулав. Харин судлаачийн болон оюутны дэд, тусгай байранд тус тус шалгарсан оролцогчдын шагналыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн яамны хурлын танхимд гардууллаа.

 

Бага хуралд амжилттай оролцсон оюутанд Монголын хүнсчдийн холбооноос нэрэмжит шагналаа гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн хуралд “Элэг, гүзээтэй амталж хатаасан адууны махны технологийн судалгааны үр дүнгээс” сэдэвт илтгэлээр амжилттай оролцсон Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургуулийн оюутан А.Лхамжав, Б.Буян-Арвижих, Б.Мөнгөнцэцэг нарт Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагнал, мөн “Улаанбаатар гурил” ХХК-нд ажиллах эрхийн бичиг, “Синапс” ХХК-ийн шагналыг Монголын хүнсчдийн холбооны менежер Д.Отгонжаргал, “Таванбогд” группын Улаанбаатар Гурил ХХК-ийн Борлуулалт, маркетинг хариуцсан хэлтсийн дарга Х.Хишигбаяр, “Синапс” ХХК-ийн захирал Д.Нарангэрэл нар гардууллаа.

 

Уламжлал болсон тус бага хурлыг 2021 онд “Хүнсний аюулгүй байдал – хүнсний сүлжээ” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар зарлалаа.