Улаанбаатар Гурил ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын үйлдвэрийн ажилтнууд орон сууцтай боллоо.

Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг "Улаанбаатар Гурил" ХХК нь 2001 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 онд Дархан хотын үйлдвэрийн бүсэд Турк улсын Алапала компанийн тоног төхөөрөмжөөр бүтсэн 300 тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай бүрэн автоматажсан, компьютер удирдлагын системтэй, босоо технологитой 5 давхар үйлдвэр байгуулсан билээ. Бид анх байгуулагдсан цагаасаа хойш эх орныхоо эрдэнэт хөрсөнд ургасан улаан буудайг тээрэмдэн боловсруулж, эрүүл, аюулгүй, чанартай хүнсийг ард түмэндээ хүргэсээр байна. 

Бид ард түмнийхээ тэргүүн сонголт нь байж салбартаа манлайлахын зэрэгцээ чанарыг эрхэмлэн хамгийн тааламжит үнэ, өртөг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж ажилтнуудынхаа оюуны болон санхүүгийн хэрэгцээг хангаж, нийгмийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг билээ. 

Мөн бид ажилтнуудаа эрүүл, аюулгүй ажлын орчин хийгээд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх бүрэн боломжтой ажлын байраар хангах, ажилтнууд маань бие болоод сэтгэлийн аз жаргалыг мэдэрдэг байхыг зорьж ажилладаг. Үүнийхээ хүрээнд бид Дархан-Уул аймгийн 11-р багийн нутаг дэвсгэрт  Баян Бридж ХХК барилгын компанитай хамтран 70 айлын орон сууцыг 2018 оны 12-р сарын 10-нд ашиглалтанд оруулсан билээ. Энэхүү орон сууцанд гүйцэтгэл, ур чадвар сайтай, компанидаа олон жил тогтвор суурьшилтай, өндөр хувь нэмрийг оруулан ажиллаж байгаа үйлдвэрийн 35 ажилтныг хөнгөлөлттэй, таатай нөхцөлөөр хамруулж байгаа бөгөөд оршин суух ажилтнууд маань түлхүүрээ гардан авлаа.